Шүдний гажиг заслын эмчилгээ гэж юу вэ
Нүүр амны гажиг заслын их эмч аппарат, зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын хэвийн харьцаа үүсгэхийг гажиг заслын эмчилгээ гэдэг.
Гажиг заслын аппарат гэдэг нь шүдний эгнээг хэвийн болгох зориулалттай тусгай бүрэлдэхүүн хэсгүүд юм.
Нүүр амны гажиг нь маш олон төрөл байдаг. Үүнд:
o Шүдний байрлалын гажиг
o Давхар шүд ургах
o Шүднүүд бөөгнөрч байрлах
o Буруу зуулт гэх мэт.
Нүүр амны гажиг үүсэх шалтгаан нь:
• Хумсаа мэрэх
• Хуруугаа хөхөх
• Шанаагаа тулах
• Амаар амьсгалах
• Буруу зажлаж, залгих гэх зэрэг олон шалтгаантай.
Хэвийн зуулт гэдэг нь хоншоорын дээд үүдэн шүднүүд эрүүний доод үүдэн шүднүүдийн таслах ирмэгийн 1\3-г давж байрлахыг хэлнэ.
Эдгээр гажгуудын улмаас шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байж улмаар дутуу цэвэрлэгдэж шүд цоорох өвчин, буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн үрэвсэлд өртөх магадлалийг ихэсгэдэг. Мөн буруу зуулт нь эрүүний үенд нөлөөлж эрүү дуугарах, чилж өвдөх зэрэг шинжүүд илэрч болно.
•Нүүр амны гажиг заслын зэмсгийн ангилал:
✓ Авагддаг
✓ Авагддаггүй
Авагддаг зэмсэг:
✓ Богино хугацаанд зүүдэг.
✓ Хоол идэх, дуу дуулах, спортоор хичээллэх үед авч болдог.
✓ Зэмсгийг авч цэвэрлэж болно.
✓ Үйлчлүүлэгчийн идэвхи чармайлтаас үр дүн хамаарна.
✓ Хоншоорыг тэлж өсөлтийг дэмжинэ.
Авагддаггүй зэмсэг:
Брекет, нум, band-н тусламжтайгаар шүдэнд бэхлэж наадаг зэмсэг.
Шаазан ба металл авагддаггүй зэмсэг нь үйлчилгээний хувьд адилхан бөгөөд зөвхөн гоо сайхны хувьд ялгаатай. Шаазан зэмсэг нь тунгалаг өнгөтэй ба зэмсэг зүүгээгүй юм шиг харагддаг давуу талтай.
Зэмсгийн зүүх хугацаа:
Авагддаг зэмсгийг 6 сараас 1 жилийн хугацаанд зүүдэг.
Авагддаггүй зэмсгийг дунджаар 2 жил 6 сар зүүдэг.
Зэмсгийг ямар хүмүүс зүүж болдог вэ?
❖ Авагддаг зэмсгийг 6-13 насны хүүхдүүд зүүж болдог.
❖ Авагддаггүй зэмсгийг 13-аас дээш насны бүх хүмүүс зүүж болдог бөгөөд аппарат зүүхийн өмнө оношилгоо хийлгэж эрүү, хоншоорын ясны байдал, шүд сурвалжийн харьцааг тодорхойлдог.
Оношлогоонд хамрагдах үед:
➢ Дэлгэмэл рентген зураг
➢ Хажуугийн цефалограммийн зураг авхуулдаг
➢ Модель анализийн шинжилгээ хийдэг.
Авагддаггүй зэмсэг зүүх хугацаанд анхаарах зүйлс:
• Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахина.
• Хатуу ба наалдамхай хоол хүнсний зүйл идэхийг хориглоно.
Авагддаггүй зэмсгийг зүүгээд шүд төлөвлөгөөний дагуу эмчлэгдэж дууссаны дараа заавал бэхжүүлэгч зэмсэг зүүдэг.
Яагаад гэвэл шүд байрлалаа өөрчилсний дараа шүдний эргэн тойрон дах холбоос эд тодорхой хугацааны турш хөдлөж өмнөх байрлал руу шилжихийг тэмүүлж байдаг.
Бэхжүүлэгч зэмсгийг дунджаар 1 жил 6 сарын хугацаанд зүүдэг.
Бэхжүүлэгч зэмсэг нь авагддаг, авагддаггүй гэсэн 2 төрөл байдаг.
Гажиг заслын эмчилгээг хийлгэснээр:
Хэвийн зуулттай болно.
Гоо сайханы хувьд тааламжтай болно.
Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.