Жирэмсэн болон жирэмслэхийг төлөвлөж буй эхчүүд минь шүдэндээ онцгой анхаарал тавиарай!
Жирэмслэхээс өмнө амны хөндийн бүрэн үзлэгт орж, шүд арчилгааны талаархи бүрэн мэдлэгтэй болж арчилж, хамгаалж сурах хэрэгтэй.
Жирэмсэн үед олон эмэгтэйчүүдийн буйланд өөрчлөлт гардаг. Нийтлэг шинж тэмдэг нь буйл улайх , шүдээ угаах үед цус гарах, буйл хавагнах. Эдгээр бүх шинж тэмдгүүд нь жирэмсний үед буйлны үрэвсэл байгааг илтгэдэг бөгөөд жирэмсний хоёр дахь сард илэрч эхэлдэг.
Буйлны үрэвсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд дутуу төрөх болон жингийн дутагдалтай нярай хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг. Иймд шүд болон буйландаа онцгой анхаарал тавих шаардлагатай. Өдөрт хамгийн багадаа 2 удаа сойз, oo болон шүдний утас хэрэглэж шүд амны хөндийн өнгөр, хоолны үлдэгдэл үлдэхээс хамгаалж байх. Мөн ам зайлах тусгай уусмалууд эсвэл давстай бүлээн усаар амаа зайлж байх,тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Эстроген гормоны ихсэлийн нөлөөгөөр буйл өвчлөл үүсгэгч биесэд хариу урвал хэт ихээр үзүүлдэг. Жирэмсэн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд прогестерон дааврын түвшин ердийнхөөс 10 дахин их байдаг. Энэ нь буйлны үрэвсэл үүсгэдэг тодорхой бактерийн өсөлтийг хурдасгадаг.
Зарим жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эрт үедээ хордлоготой байдаг. Жирэмсэний улмаас дотор эвгүйрхэн огиулах нь ходоодны хүчил амны хөндийд ялгарах боломж олгоно. Амны хөндийд ялгарсан ходоодны хүчил нь шүдийг гэмтээх аюултай учир огиулсаны дараа амаа содтой ус эсвэл фторт усаар зайлах хэрэгтэй.
Огиулсаны дараа шүдээ шууд сойзоор сойздож угааж болохгүй бөгөөд ингэх нь шүдийг элэгдэхэд хүргэж болох тул 1 цаг орчим хүлээх хэрэгтэй.
Жирэмсэн үед амаа хуурай байлгах нь жирэмсэн эмэгтэйчүүдэд шүд цоорох, халдвар авах зэрэг хүндрэл бэрхшээлийг ихэсгэдэг. Тиймээс их хэмжээний ус ууж, шүлсний шүүрлийг дэмжих зорилгоор элсэн чихэргүй бохь зажлаарай.