25-ны агт араа буюу гуравдугаар их агт араа зэргээр нэрлэгдэх энэ шүд нь эрт дээр үеийн өвөг дээдсээс үлдсэн, одоо хэрэглэгдэхээ больсон рудимент эрхтэн буюу гүйцэтгэх үүргээ алдсан эрхтэн юм. Орчин үеийн хүнд маш хатуу хүнс зажилж бутлах шаардлага үгүй болсон учраас бидний эрүү болон гавлын доод хэсэг жижигрэн, агт араанд урган гарах зай завсар бараг үгүй болсон тул энэ араа маань чихцэлдэн, замбараагүй урган гарч ирдэг билээ.
Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ
Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдлэдэг. Энэхүү агт араа нь ихэнхдээ 17–21 насанд шүдлэдэг. Агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.
Агт араа шүд ургах үед юу болох вэ?
Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсран явагддаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.
Буруу байрлалтай агт араа шүдийг авхуулах хэрэгтэй. Агт араа буруу байрлалтай ургаснаас болж маш олон асуудал үүсдэг.
Агт арааг авах хэд хэдэн шалтгаан бий
-Хэрвээ агт араа буруу байрлалаар урган бусад шүдээ гэмтээх болон ямар нэг байдлаар эвгүй мэдрэгдэж байвал авахуулах хэрэгтэй
-Агт араанаас болж буйл үрэвссэн нөхцөлд эмчлэхэд маш хүндрэлтэй байдаг учир үрэвслийн уг үндсийг авч урьдчилан сэргийлэх хэрэгтэй
-Буруу ургасан шүд нь эрүү үенд өөрчлөлт оруулах, зажлахад төвөгтэй болгох, дуу хоолой өөрчлөгдөх мөн амтлах чадварт нөлөөлдөг тул мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч авахуулах шаардлагатай
Агт араа шүдтэй холбоотой асуудал нь зөвхөн агт арааг авсан тохиолдолд л зүгээр болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авхуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авхуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй.
Анхааруулж хэлэхэд: Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авхуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авхуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.