Хүүхдийн шүдийг цухуйж эхлэнгүүт эсвэл шүдлэж дууссаны дараа угаан гэдэг нь буруу ойлголт юм. Шүдийг цухуйгаагүй байхад нь буйлыг нь цэвэрлэж байх хэрэгтэй.
Хүүхдийн буйлыг цэвэрлэхдээ хүүхдийг хэвтүүлсний дараа эцэг эх, асран хамгаалагч нь долоовор хуруундаа марлин самбай ороож үүнийгээ буцалсан бүлээн усанд норгоод арчиж цэвэрлэнэ.
Хүүхдийн хамгийн анхны шүд буюу сүүн үүдэн шүд 1-2 насанд шүдэлдэг. Энэ үед дээрхтэй мөн адил цэвэрлэнэ. Энэ үед хүүхдийн шүд шүдлэж байх үед ихээхэн загатнадаг тул доорх зураг дээрх сойзоор шүдийг нь угааж болохоос гадна буйланд нь массаж хийж болдог.
Сүүн араа шүд 2-3 насанд шүдэлдэг энэ үед хүүхдийн шүдийг өөрт нь тохирсон жижиг хэмжээтэй зөөлөн үстэй сойзоор угаана.
Эцэг эх нь хүүхийг өвөр дээрээ хэвтүүлж дээрх байрлалаар угаах нь хүүхдийн амны хөндийн бүх шүдийг харах боломжтой.
Хүүхдийг бага наснаас нь амны хөндийг нь арчлах нь ирээдүйд шүдээ арчлах дадал хэвшилтэй болгодог.
3-5 насанд сүүн бүх шүд шүдэлсэн үед хүүхдэдээ хэрхэн зөв угаах аргыг зааж өгсний дараа өөрөөр нь шүдийг нь угаалгана. Үүний дараа эцэг эх нь шалгаж дутуу угаасан хэсгийг нь угааж өгнө.
Хоол идсэний дараа ( өглөө, өдөр, оройн) мөн орой унтахын өмнө заавал шүдээ угааж хэвшээрэй. Шөнө унтах үед шүлс ялгаралт багасаж амны хөндийн өөрөө цэвэрших үйл ажиллагаа бараг зогсонги байдалд шилждэг тул шүд цоорох өвчин үүсэх өндөр эрсдэлтэй байдаг.
Эцэг эхчүүдээ хүүхдээ шүдээ угаа гэж хэлэх бус хамтдаа угааж зөв үлгэр дуурайлал үзүүлээрэй