Нэг хэсэг манай цахим сүлжээгээр шүдний ОО -ны арын зураас хар байвал химийн гаралтай ногоон байвал байгалын гаралтай гэх мэдээлэл нилээн газар авч олон хүний итгэл үнэмшилд хүргэсэн. Гэвч эцэстээ энэ нь үйлдвэрлэлийн явцад таслахад зориулсан таних тэмдэг болохыг ойлгоцгоосон.
Шүдний ОО-нд химийн гаралтай амт үнэр оруулагч, гаа, өнгө оруулагч болон бичил хуванцар бөмбөлөгүүд хүртэл агуулагддаг байна. Хүүхдийн шүдний ОО-г сонгохдоо амт үнэр өнгийг зэрлэг жимснээс гарган авсан, байгалийн гаа ашигласан, хуванцар бөмбөлөг агуулаагүйн дээр фтор агуулсан ОО сонгохыг Америкийн хүүхдийн шүдний холбооноос зөвлөсөн байна. Мөн SLS агуулсан байвал амны салстын шарх үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон тул SLS free гэсэн бичигтэй байх нь чухал шүү.
Хүүхдийн шүд цоороод байхад фторгүй буюу идэж болдог ОО-р шүдийг нь угаадаг эцэг эхчүүд байдаг. Шүд цоорлоос сэргийлэх маш үр дүнтэй арга бол фтортой ОО хэрэглэх боловч фтортой ОО их хэмжээгээр залгивал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Зохимжтой хэмжээ:
Сойзон дээрээ ОО-г 0-2 насны хүүхдэд цагаан будааны чинээтэй, 3-с дээш насанд вандуйны чинээтэй хэрэглүүлж заншвал залгигдсан ч аюулгүй гэж Америкийн хүүхдийн шүдний мэргэжилтнүүд зөвлөжээ.